"ЭРТ СЭРЭМЖЛҮҮЛГИЙН ТОГТОЛЦООНД УЧРАХ СААД БЭРХШЭЭЛИЙГ ХАМТДАА ШИЙДЭЦГЭЭЕ" ДЦУБ-ын ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ПРОФ. СЕЛЕСТЫ САУЛОГИЙН ИЛГЭЭЛТ

2025.03.23 10:00
14

ДЭЛХИЙН ЦАГ УУРЫН ӨДӨР БА ДЭЛХИЙН ЦАГ УУРЫН БАЙГУУЛЛАГЫН 75 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН ГАРГАСАН ИЛГЭЭЛТ

 Эрт сэрэмжлүүлгийн тогтолцоонд учрах саад бэрхшээлийг хамтдаа шийдэцгээе

ДЭЛХИЙН ЦАГ УУРЫН БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ПРОФ. СЕЛЕСТЫ САУЛО

(2025 оны 3 дугаар сарын 23, Женев)

Дэлхийн цаг уурын байгууллагын хүндэт гишүүд, түншүүд, эрхэм нөхдөө

Та бүхэнд Дэлхийн цаг уурын өдрийн мэнд хүргэе. Дэлхийн цаг уурын байгууллага нь Цаг агаар, уур амьсгал, усны асуудлаарх НҮБ-ийн тогтолцооны эрх бүхий гол байгууллага болсоны 75 жилийн ойг тохиолдуулан та бүхэндээ баярын мэнд хүргэе.

Өнөөдөр, яг үнэндээ бол өнгөрсөн жилийн хугацаанд ДЦУБ, түүний гишүүн улсуудын хүний амь насыг авран хамгаалах, нийгэмд үйлчлэх, эх дэлхийгээ хамгаалахад гүйцэтгэж ирсэн түүхэн үүргийг онцлон тэмдэглэж байна.

Үндэсний цаг уур, усны албадын нийт ажилтнууд хүн амын аюулгүй байдал, сайн сайхны төлөө эмч, эмнэлгийн сувилагч, асрагч нарын адилаар долоо хоногийн 7 өдөрт 24 цагаар тасралтгүй ажиллаж ирсэн билээ. Энэ ажилд зүтгэж ирсэн хүн бүрт гүн талархал илэрхийлье.

Бид зөвхөн урьдчилан мэдээлэгч-синоптик төдий биш юм.

ДЦУБ-ын нэрийн дор дэлхийн өнцөг булан бүрт ажиллах энэ том хамт олны гаргаж нийгэмд хүргэж байгаа шинжлэх ухааны өгөгдөл, мэдээлэл, үйлчилгээ маань хүний өдөр тутмын ая тухыг хангах шийдвэрээс эхлээд хөдөө аж ахуйн таримлыг хэзээ тарих, хэзээ хураах, дэд бүтцэд урт хугацааны хөрөнгө оруулалт хийх эсэх шийдвэр зэрэг нийгмийн бүхий л үйл ажиллагаанд ашиглагддаг билээ.

Өнгөрч байгаа 75 жилийн дотор бид дэлхийн эдийн засагт тэрбум тэрбумээр хэмжигдэх нэмүү өртгийг буй болгосон билээ. Түүнчлэн бид цаг уур, уур амьсгал, устай холбогдсон аюултай үзэгдлүүдээс учирч болох тэрбум тэрбумээр хэмжигдэх долларын алдагдлыг хэмнэж өгсний дээр хамгийн чухал нь хэдэн зуун мянган хүний амь насыг авран хамгаалсан юм.

Бид энэ дэлхийг илүү аюулгүй, амьдрахад илүү таатай, цэцэглэн хөгжсөн дэлхий болгохын төлөө ажиллаж байна. Цаг агаартай холбоотой өгөгдөл, мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээг дэлхий даяар ямар нэгэн хязгаарлалтгүй, чөлөөтэй солилцох нь улс үндэстний аюулгүй байдал хийгээд уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг салбаруудын үйл ажиллагаанд шийдвэрлэх чухал ач холбогдолтой байдаг билээ. Энд юуны өмнө хөдөө аж ахуй, иргэний нисэх, далайн тээвэр, эрчим хүч, усны аж ахуйн болон эрүүлийг хамгаалахын салбарыг онцлон дурдах хэрэгтэй.

ДЦУБ бол цаг агаарыг урьдчилан мэдээлэх дэлхийн хэмжээний тогтолцооны төв мэдрэлийн системийн суурь нь юм. Даян дэлхийн ажиглалт-хэмжилтийн бүх өртөөдийн өгөгдөл мэдээлэл цаг агаарыг урьдчилан тооцоолох төвүүдэд өдөр бүр, цаг минут бүрт тасралтгүй ирж байдаг бөгөөд энд хуурай газар, далай дээрх байнгын хэмжилтийн цаг уурын болон радиотандуурын өртөөд, задгай тэнгист байрлуулсан хөдөлгөөнгүй болон хөвдөг цамхаг, далайн хөлөг онгоцон дээр хийсэн ажиглалт-хэмжилтийн мэдээлэл, дэлхийн хиймэл дагуулаас авч байгаа төрөл бүрийн мэдээлэл, нисэх онгоцны аялалын замын дагуу хийсэн хэмжилтийн мэдээлэл зэрэг сая саяаар тоологдох асар их мэдээлэл урсаж байдаг юм. Энэ нь ДЦУБ-ын нэгдсэн зохицуулалт, нэгдсэн сүлжээгүйгээр улс орнууд дан дангаараа дэлхий даяар урсаж буй энэхүү асар их өгөгдөл-мэдээллийг цуглуулан авч ашиглах боломжгүй юм. Тогтворгүй, сорилт ихтэй өнөөгийн нөхцөлд олон улсын хамтын ажиллагаа урьд өмнөхөөс илүү чухал болж байна.

Сүүлийн арван жилд манай дэлхий цаг уурын ажиглалт-хэмжилт хийсэн түүхэндээ хамгийн халуун үеийг өнгөрөөлөө. Өнгөрсөн 2024 он бол дэлхийн дундаж агаарын температур аж үйлдвэрийн хувьсгалын өмнөх үетэй харьцуулбал 1,5-аар нэмэгдсэн эхний жил боллоо. Харамсалтай нь энэ сүүлчийн халуун жил ч биш байх. Энэ бол ердийн нэг статистик биш. Агаарын температурын градусын өчүүхэн өөрчлөлт хүртэл бидний амьдрал, аж ахуйд асар их нөлөөлнө.

Цаг агаар, уур амьсгалын эрс тэс үзэгдлүүдийн сөрөг нөлөөлөл улам бүр нэмэгдэж байна. Бид илүү олон, илүү хүчтэй их халууны үзэгдэл, илүү их сүйрэл дагуулсан салхи шуурга, үер ус, илүү хурдан эрчимжих далайн хар салхи ажиглагдаж байгааг харж байна. 1970-2021 оны хооронд гэхэд цаг агаар, уур амьсгал, усны аюулаас үүдсэн эдийн засгийн хохирол дэлхий дахины хэмжээгээр 4,3 их наяад ам доллар болж, улмаар 2 сая хүний амь нас хохирсон гэсэн тооцоо байдаг билээ. Гэхдээ энэ хугацаанд эдийн засгийн хохирол нь хугацаа өнгөрөх тутам нэмэгдээд байхад хүний амь нас хохирсон тохиолдол нь буурах хандлагатай байгаа юм. Энгийнээр хэлбэл бид хүний амь насыг өмнөхөөсөө илүү найдвартай хамгаалж чадаж байна. Бидний гол зорилт бол хаа байгаагаас үл хамааран хүн бүрийг хамгаалах Аюул, гамшгаас эртнээс сэрэмжлүүлэх тогтолцоотой болох явдал юм. Чухам ийм учраас л дэлхийн цаг уурын өдрийг энэ жил " Эрт сэрэмжлүүлгийн тогтолцоонд учрах саад бэрхшээлийг хамтдаа шийдэцгээе” гэсэн сэдвийн дор тэмдэглэхээр сонгон авсан юм.

"Эрт сэрэмжлүүлгийг хүн бүрд" санаачилгын хэрэгжилтийн замын тэн хагаст бид хүрсэн ахиц дэвшлээ тайлагнахдаа бахархалтай байна.  2024 оны байдлаар 108 улс олон төрлийн гамшгаас эрт сэрэмжлүүлэх тогтолцооны тодорхой чадавхтай болсон гэж мэдээлсэн нь 2015 онд байсан 52 улстай харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт юм. Гэхдээ бид үүнээс цааш ахиж, илүү хурдтай урагшлах шаардлагатай.

Бид:

  • Хамтдаа шинэчлэл хийх: Технологийг өргөжүүлэх.
  • Хамтдаа нэгдэх: Улс орнуудад хамтын ажиллагааг бэхжүүлэх.
  • Хамтдаа хөрөнгө оруулах: Нөөцийг бий болгох, хуваалцах хэрэгтэй байна.

 

“Эрт сэрэмжлүүлгийн хүн бүрд” санаачилга бол одоо нэгэн брэнд болжээ. Энэ бол зоримог зорилго юм. Гэхдээ бид амжилтанд хүрэхээр тууштай ажиллаж байна. Одоо Бид анхны 30 улсын хүрээнээс гарч илүү олон улс орныг дэмжихээр дэмжлэгээ өргөжүүлж байна.

            Бид Хоёр болон олон талт донор байгууллагууд, хөгжлийн банкууд, уур амьсгалын сангуудтай хамтран ажиллаж, санхүүжилт, хамтын ажиллагааг нэмэгдүүлж байгаа юм.

 Урт хугацааны эерэг нөлөөлөл, үр дүнг бататгахын тулд бүс нутгийн чадавхийг бэхжүүлэхийг хичээж байна.

Улс орнуудад өөрсдөө манлайлах боломж олгож, оролцоог нь нэмэгдүүлж байна.

Бид урьдчилан тооцооллын чадавхыг эрчимтэй дээшлүүлэхийг хичээх болно.

Технологийн дэвшил, хиймэл оюун ухаан цаг агаарын прогнозын салбарт хувьсгал хийхэд томоохон дэмжлэг болно. Гэхдээ бид боломжийн тэгш хүртээмжийг хангаж, мэдээлэл, ажиглалтын хоосон орон зайг нөхөх ёстой юм.

Цаг нь боллоо.  Бид хамтдаа ажиллаж, хөрөнгө оруулж, инноваци нэвтрүүлснээр “Эрт сэрэмжлүүлгийг хүн бүрд” санаачлагыг биелүүлэх боломжтой болно. Энэ бол бидний ёс суртахууны үүргээс гадна бас эдийн засгийн чухал ач холбогдолтой амлалт шүү дээ.

Эртнээс сэрэмжлүүлэх тогтоцоонд оруулсан 1 ам долларын хөрөнгө оруулалт бүр эргээд эдийн засагт 9 ам долларын үр ашиг өгдөг тооцоолол байдаг. Зарим бүс нутагт үүнээс ч илүү өндөр ашиг өгдөг.

Чухам иймээс БИ улс орнуудыг Үндэсний цаг уур, ус судлалын албандаа хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийг уриалж байна. Чухам энэ чинь үндэсний болоод олон улсын эдийн засгийн хөгжилд тулгуур ач холбогдолтой гэдгийг тэмдэглэн хэлье.

Эцэст нь:

Дэлхийн цаг уурын байгууллага сүүлийн 75 жилд шинжлэх ухааныг энэ дэлхийн сайн сайхны төлөөх үйл ажиллагаа болгож чадсан байна.

Дэлхийн цаг уурын энэ өдөр илүү аюулгүй, илүү тогтвортой дэлхийг буй болгохын төлөө бидний амлалтыг дахин баталгаажуулахыг уриалж байна.

Бид үүнийг үр хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө үүнийг хийх үүрэгтэй юм шүү.

Та бүхэнд баярлалаа.

Хуваалцах :